Monday, December 5, 2011

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн ӨДӨР

Энэ Бямба гаригт буюу 12 дугаар сарын 03-нд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын Өдөр тохиосон билээ. Монгол улс даяар зохиогдох олон нийтийн арга хэмжээнүүдээр ард иргэдийг Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн болон тэднийг дэмжиж ажилладаг байгууллагуудын ололт амжилтуудын тухай мэдээллээр хангаж энэ өдрийг хамтдаа тэмдэглэх юм.

Монгол орны долоон өрх тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй боловч нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн гуравны нэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь боловсрол эзэмших, ажил олох, олон нийтийн ажилд оролцох эрхээ эдэлж чаддаггүй, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоо тэдний хувьд хаалттай байна.

Манай оронд уламжлал болон тогтож ирсэн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт нь дэлхий дахинд "эмнэлгийн загвар" гэж нэрлэгддэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тахир дутуу эрхтэнтэй хувь хүний асуудал гэж үзэж ирсэн. Гэтэл, хүмүүсийн сөрөг хандлага, нийгмийн хаалттай "хөгжлийн бэрхшээлтэй" байдал нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй гишүүн байхыг хязгаарлаж байна гэдгийг олон нийт ухаарахын хирээр эмнэлгийн загвар дээр тулгуурласан энэхүү үзэл өөрчлөгдөн хувирч хүний эрхийг дээдэлсэн "нийгмийн загвар" дэлгэрч байна. Энэхүү хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн загвараар бол бие эрхтний ялгаатай байдлаас үл хамааран бүх хүнийг ижил тэгш байдлаар нийгмийн амьдралд оролцох боломжийг бид хангаж өгөх ёстой юм.

2009 онд Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг нэмэлт протоколын хамт баталсан. 2010 онд Мерси Кор Олон улсын байгууллагын "Орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь" төсөл хэрэгжүүлсний үр дүнд дээрх түүхэн үйл явдлын дараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган замыг төсөллөх заавар гэсэн стандартыг боловсруулан батлуулж чадсан ажээ.

Харин энэ 2011 онд, уг төслийн 2 дугаар үе шатанд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Айвуун ТББ, Бие даан амьдрах төв зэрэг үндсэн хэдэн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй монголчуудынхаа эрхийг сурталчлах ажлаа үргэлжлүүлэн явуулж байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай нэгэн адил боловсрох, нийгмийн үйлчилгээ хүртэх болон нийгэмд өөрийн хувь нэмэр оруулах эрхтэй" гэж Айвуун байгууллагын тэргүүн Я. Авирмэд хэлж байна.

Мөн тэрээр үргэлжлүүлэн: “Улаанбаатарт бид үнэ цэнэтэй машин тэрэг хөлөглөсөн, ухаалаг гар утас барьсан, дэгжин хувцас өмссөн олон хүнийг харж байна. Гэвч бидэн шиг амьдралын үр шимийг хүртэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэр болгон харахгүй байна. Хэрэв бид өөрсдийн хандлагаа өөрчилж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд оролцуулж байвал ганц хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл өрх, найз нөхөд ашиг шим хүртэх биш харин манай нийгэмд бүхэлдээ, улс эх орны хөгжилд та өөрийн хувь нэмрээ оруулах юм шүү.”

Мерси Кор байгууллага орон нутгийн гол түншүүдтэйгээ хамтарч АНУ-ын Олон улсын хөгжлийн агнентлагийн санхүүжилттэйгээр барилга байшин, явган замын хүртээмжтэй байдлын тухай сурталчлан Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагуудыг чадавхижуулах зорилготой Орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэ ээлтэй орчин бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

No comments:

Post a Comment