Thursday, December 22, 2011

Social model of disability gej yu ve?

Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын тухай дахин нэг ярихгүй бол болохгүй нь ээ. Яагаад гээч?

Тахир дутуу хүн гэж яригсад эгэл жирийн мануусын дунд бас төрийн өндөрлөгүүдийн дунд байсаар л байна. Гэтэл тэгж ярьж, хандаж байгаа хүн өөрөө тэр "тахир дутуу" байдлыг өөртөө бас нийгэмдээ үүсгэж байна шүү дээ. хэн нэг хүн өндөр болж төрснийхөө төлөө, хар үстэй, эсвэл шар арьстай болэ төрснийхөө төлөө нийгэмд ад үзэгддэггүй л биз дээ? Гэтэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ад үзэгдсэн хэвээрээ л байна. Тэд өөрсдөө хүсч хөгжлийн бэрхшээлтэй болоогүй. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 70 гаруй хувь нь олдмол хөгжлийн бэрхшээл байдаг. Ингээд харахаар та өнөөдөр бусдыг тахир дутуугаар нь дуудаж болно. Харин маргааш хэн нэг хүн таныг тэгж дуудаад явж байхыг үгүйсгэх аргагүй.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор Монгол улс 108,071 хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэж тоолуулсан. Монголын нийт өрхийн тоо нь 713,780. Нэг өрхөд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна аа гэж тооцвол 7 өрх тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй байх нь.

Ингээд харахаар, манайх шиг ах дүү хамаатан садан олонтой ард түмний хувьд хэн нэгнийг "тахир дутуу" гээд ад үзэж байгаа хүн өөрөө тийм хамаатны хэн нэгэнтэй л байна гэсэн үг бус уу. энэ талаас нь харсан ч тэр, өөр талаас нь бодсон ч тэр. Хэн нэг хүнийг "тахир дутуу" гэж хэл амаар доромжлохоо больцгооё л доо, та минь ээ.

Бүх дэлхий даяараа глобальчлагдан хөгжиж байгаа энэ орчин цагт балар эртний ухамсаргүй сэтгэлгээгээ таслан зогсоож хүний эрхийг дээдлэн хүлээн зөвшөөрцгөөе, бүгдээрээ!!!

Шинэ ондоо шинэ сэтгэлгээгээр шинэ хандлагаар хандаэ сэтгэж бүтээцгээе!!!

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!!!

Monday, December 5, 2011

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн ӨДӨР

Энэ Бямба гаригт буюу 12 дугаар сарын 03-нд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын Өдөр тохиосон билээ. Монгол улс даяар зохиогдох олон нийтийн арга хэмжээнүүдээр ард иргэдийг Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн болон тэднийг дэмжиж ажилладаг байгууллагуудын ололт амжилтуудын тухай мэдээллээр хангаж энэ өдрийг хамтдаа тэмдэглэх юм.

Монгол орны долоон өрх тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй боловч нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн гуравны нэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь боловсрол эзэмших, ажил олох, олон нийтийн ажилд оролцох эрхээ эдэлж чаддаггүй, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоо тэдний хувьд хаалттай байна.

Манай оронд уламжлал болон тогтож ирсэн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт нь дэлхий дахинд "эмнэлгийн загвар" гэж нэрлэгддэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тахир дутуу эрхтэнтэй хувь хүний асуудал гэж үзэж ирсэн. Гэтэл, хүмүүсийн сөрөг хандлага, нийгмийн хаалттай "хөгжлийн бэрхшээлтэй" байдал нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй гишүүн байхыг хязгаарлаж байна гэдгийг олон нийт ухаарахын хирээр эмнэлгийн загвар дээр тулгуурласан энэхүү үзэл өөрчлөгдөн хувирч хүний эрхийг дээдэлсэн "нийгмийн загвар" дэлгэрч байна. Энэхүү хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн загвараар бол бие эрхтний ялгаатай байдлаас үл хамааран бүх хүнийг ижил тэгш байдлаар нийгмийн амьдралд оролцох боломжийг бид хангаж өгөх ёстой юм.

2009 онд Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг нэмэлт протоколын хамт баталсан. 2010 онд Мерси Кор Олон улсын байгууллагын "Орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь" төсөл хэрэгжүүлсний үр дүнд дээрх түүхэн үйл явдлын дараа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган замыг төсөллөх заавар гэсэн стандартыг боловсруулан батлуулж чадсан ажээ.

Харин энэ 2011 онд, уг төслийн 2 дугаар үе шатанд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Айвуун ТББ, Бие даан амьдрах төв зэрэг үндсэн хэдэн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй монголчуудынхаа эрхийг сурталчлах ажлаа үргэлжлүүлэн явуулж байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай нэгэн адил боловсрох, нийгмийн үйлчилгээ хүртэх болон нийгэмд өөрийн хувь нэмэр оруулах эрхтэй" гэж Айвуун байгууллагын тэргүүн Я. Авирмэд хэлж байна.

Мөн тэрээр үргэлжлүүлэн: “Улаанбаатарт бид үнэ цэнэтэй машин тэрэг хөлөглөсөн, ухаалаг гар утас барьсан, дэгжин хувцас өмссөн олон хүнийг харж байна. Гэвч бидэн шиг амьдралын үр шимийг хүртэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэр болгон харахгүй байна. Хэрэв бид өөрсдийн хандлагаа өөрчилж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд оролцуулж байвал ганц хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл өрх, найз нөхөд ашиг шим хүртэх биш харин манай нийгэмд бүхэлдээ, улс эх орны хөгжилд та өөрийн хувь нэмрээ оруулах юм шүү.”

Мерси Кор байгууллага орон нутгийн гол түншүүдтэйгээ хамтарч АНУ-ын Олон улсын хөгжлийн агнентлагийн санхүүжилттэйгээр барилга байшин, явган замын хүртээмжтэй байдлын тухай сурталчлан Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагуудыг чадавхижуулах зорилготой Орон нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэ ээлтэй орчин бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Thursday, October 6, 2011

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд жагсах гэнэ

gogo.mn-ees


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал болох нь

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо”-ноос энэ сарын 10-нд тайван жагсаал зохион байгуулах гэнэ.

Жагсаал Спортын төв ордноос, Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Засгийн газрын ордны үүдэнд очих аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх цэг байдаггүй. Түүнчлэн тэдэнд зориулсан зам ч байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгнээс хараат, эрх чөлөө хязгаарлагдмал амьдардаг. Үүнийг ойлгуулах гэж энэ жагсаалыг хийж байгаа юм” гэв.

Жагсаалд УИХ-ын зарим гишүүн оролцох гэнэ. Улсын хэмжээнд одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн тоо байдаггүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгдсэн томъёолол ч байхгүйгээс тэд хохирдог байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн судалгааг гаргахаар дээрх холбоо ажиллаж байгаа гэнэ.

Тус холбоо одоогоос 10 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих зорилгоор байгуулагджээ.

Д.Сүх

Дэлгэрэнгүйг: http://news.gogo.mn/r/94780

Thursday, September 29, 2011

Хүртээмжтэй орчин гэж юу вэ?

Энэ өвлийн анхны цас хэдхэн хоногийн өмнө орлоо гэж. Сайхан байлаа, ганц өдөр ч гэсэн цэвэр агаар хальт амьсгалав. Агаар ч яахав сайхан байлаа, харин хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан ажлаа бодохоор "энэ цаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж ажилдаа явах бол" гэж бодогдов. Гэхдээ зөвхөн тэд ч биш, бас мань мэт нь ч гэсэн замын хөдөлгөөнд оролцох гэж нэлээн тэвдэв шүү. Цас нь хальт хайлаад нил ус. Хаа ч гишгэсэн цас эсвэл ус. Манай хүүд л их таатай байх шиг. Усан дээр гишгэлээ гэж загнуулахгүй, дураараа нэг ус гатлах шиг боллоо. Зун болохоор үер, өвөл болохоор цас. Уг нь бол усаа зайлуулах хоолой н тэрийг зам н тэр тавихдаа л тооцоолсон баймаар. Гэтэл ус зайлуулах хоолой битгий хэл явган замын гарцаа налуу хийчихгүй байгаа улс л даа, манай Монгол. Тэр налуу зам гэдгийг чинь хийгээд тавичихсан байвал хүн бүр л хэрэглэдэг эд. Уг нь стандарт н тэр нь аль хэдийн батлагдаад улс орон даяараа дагаж мөрдөх ёстой болсон зүйлийн нэг. Гэтэл заавал хэн нэгэн хүн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж байж Монгол орон хүн бүрт хүртээмжтэй явган зам, барилгатай болох боломжтой болох юм даа, нээрээ. Тэгээд ч болоогүй ээ, тэр төслийг нь гадаад орон санхүүжүүлж байх. Төр засаг нь тоохгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харийн хүмүүс анхаарч аятай тайван амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд өгөх юм сан гэж сайхан сэтгэл гаргаж байх юм аа. Ингэж бодохоор үнэн кэцүү санагдах юм.

За яах вэ, эх орон маань л сайхан болж байвал төр засаг нь байна уу, харийнхан нь байна уу хамаа алга. Тэртэй тэргүй Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт бага ч гэсэн хэрэгтэй хүндээ очиж байг гэж бодохын. Гадаадад бол бүх зам, гарц, барилга нь налуу замтай учраас тэнд хүүхдээ тэврээд хар халуунд хөлсөө урсгаад түнтийтээ улайчаад явж байгаа залуусыг та бүхэн олж хараагүй л байх. Харин сайхан тайван алхаад хүүхдээ тэргэн дээр тавиад түрээд явж байгаа хос залуусыг л их харсан болов уу. Бас, нээх хүнд юм тэврээд, үүрээд аахилаад явж байгаа хүмүүс хотын гудамжаар бишгүй нэг таардаг даа. Харин энд тэндгүй налуу замтай болчвол тэр хүнд юмаа тэргэн дээр түрээд л чирчихнэ шүү дээ. Энэ мэтээр бодоход хүн бүрийн тав тухтай аятай нөхцлийг бүрдүүлсэн тийм л сайхан орчинг хүртээмжтэй орчин гэдэг юм байна гэж би ойлгоод байгаам.

За тэгээд ийм орчинтой болоход хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ийм орчинтой болчвол үр хүүхдэд тань, ирээдүй хойчид маань ч хэрэгтэй шүү дээ, та минь ээ